2020 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх  “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар  есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчлагдаад байгаа. Үүнээс хөнгөлөлтийн хувьд амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд зургаан  сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон билээ.  Уг хөнгөлөлтийг арилжааны банкаар дамжуулан найм, 18 хувийн хүүтэй зээл авсан иргэд авах боломжтой юм.
Харин татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын мөнгийг авах боломж нь бүрдэнэ. 
Үүнд хувь хүмүүс хоорондоо өөрийн амьдран суудаг орон сууцаа худалдахаас бусад захиалгаар бариулах болон орон сууц худалддаг хуулийн этгээдээс орон сууц худалдан авсан бол и-баримтыг шаарддаг. Тиймээс цахим төлбөрийн баримтыг авсан байх хэрэгтэй.  Мөн орлогоо нотлох ёстой учраас орон сууц худалдан авсан орлогоо хэрхэн бүрдүүлсэн талаарх нэмэлт материалаа бүрдүүлэх ёстой аж. Хэрэв банкны зээлээр авсан бол зээлийн гэрээ, төлбөрийн баримтыг, хуримтлалаараа орон сууцаа авсан бол орлогоо хуримтлуулсан гэдгээ нотлох нэмэлт материал шаардлагатай.