Даатгалд зуучлагч.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, үнэт цаасны зуучлагч, брокер гэдэгтэй адил даатгалын зуучлагч гэж байдаг гэж Та мэдэх үү. Даатгалд чухам яагаад зуучлал хэрэгтэй байдаг, даатгалын зуучлагч гэж хэн бэ?.
Даатгал гэдгийг энгийнээр “хэцүү өдөрт” хэрэглэх нөөцийг бага мөнгөөр худалдан авах гэж тайлбарлаж болох юм. Хэцүү үед хэрэгтэй хуримтлалыг худалдаж авахаар нэгэнт мөнгө зарцуулж байгаа бол та даатгал хийлгэхдээ туйлын хариуцлагатай, цаг зав гаргаж хандах нь чухал юм. Даатгалын нөөцийг худалдаж авахад мэдэхгүй ойлгогдохгүй, нүдэнд харагдаж гарт баригдахгүй нөөцийг хэзээ хэрхэн хэрэглэх вэ гэдгээс эхлээд асуух зүйл зөндөө гардаг тул таны даатгуулах эрх ашгийг хамгаалахаар Даатгалын Зуучлагчид ажилладаг. Таны төлөө асуулт асууж чаддаг, таны хэрэгцээг ойлгож танд тохирсон даатгалын нөөцийг худалдаж авахад Даатгалын зуучлагч таны өмгөөлөгч адил ажилладаг. Даатгалын зуучлагч нь хүний амин чухал санхүүгийн нөөцийг байгуулахад оролцдог гэдэг утгаараа мэдлэгтэй, туршлагатай, туйлын үнэнч шударга байх ёстой тул даатгалын зуучлагчийг тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулахыг шаарддаг олон улсын жишиг байдаг.
Манай улсад Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль гэж ихэр хоёр хууль 2004 онд мэндэлсэн бөгөөд Даатгалын тухай хуулиар даатгалын компанийн үйл ажиллагааг зохицуулдаг бол Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиар Даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг зохицуулдаг.
Манай хуулинд “Даатгуулагч даатгагчаа сайн дураар сонгох эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд олон даатгагчийн гэрээг нэг дороос сонгох боломжийг Зуучлагч олгодог.
Даатгалд яагаад зуучлал хэрэгтэй вэ?
Даатгалын хамгаалалт авахад гэрээ байгуулдаг бөгөөд гэрээнд нэг талаас Даатгагч нөгөө талаас Хэрэглэгч буюу Даатгуулагч оролцдог. Гэрээнд оролцогч хоёр тал хоёулаа ИХИЙГ АВАХ, БАГЫГ ТӨЛӨХ гэсэн зарчим дээр сонирхлын зөрчилтэй байдаг тул Зуучлагчаар дамжуулж даатгалын гэрээг байгуулах нь хэрэглэгчид ашигтай байдаг. Анх гэрээ байгуулахад хэрэглэгч аль болох бага төлөх, Даатгагч аль болох ихийг авах, дараа нь хохирол үүсэхэд Даатгагч аль болохоор бага төлөх, хэрэглэгч аль болох ихийг авах сонирхолтой байдаг учраас Зуучлагчгүйгээр гэрээ байгуулах нь асар их эрсдэлтэй юм. Энэ утгаараа дэлхий нийтэд даатгалын зуучлагч даатгагчаасаа хүчтэй байдаг.
Даатгалын зуучлагч юу хийдэг вэ?
Танд тендерт оролцох болоод ч юмуу, машинаа оношлуулах, бүртгүүлэх, эсвэл банкнаас зээл авах болоход даатгал шаарддаг. Та өөрийн хөрөнгө ирээдүйн эрх ашгаа хамгаалаад ч даатгуулж болох шүү дээ. Товчдоо даатгалын компани “Бид ийм гэрээгээр даатгана” гэж таныг шахаанд оруулах бол Зуучлагч эсрэгээрээ, манай клиентэд ийм даатгалын гэрээ хэрэгтэй гэсэн зарчмаар таны төлөө хамгийн сайн үнэ, хамгийн сайн даатгалын хамгаалалтыг олж өгдөг.