Улаанбаатар хотын утааны хэмжээ зарим газартаа хэвийн түвшнээс 20-30 дахин их байна. Утаа багасгах цогц хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлсээр байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тул энгийн иргэд ч өөрсдийн санаачлагаар шинийг сэдэж, хийж бүтээхээр тэмүүлэх болов. Үүний нэг жишээ бол иргэн Э.Соёл-Эрхэмийн санаа юм.
Түүний гаргасан утаа бууруулах санаа нь хөөсөнцөрийн үйлдвэрийг Монголд байгуулснаар хоёр өрөө байрны м.кв-тай энэ тэнцэхүйц хэмжээтэй байшинг 3 сая төгрөгөөр барих боломжтой. Зөвхөн байшингаар зогсохгүй, хөөсөнцөрөн дулаалгыг Монголдоо үйлдвэрлэдэг болсноор орон сууц болон барилга байшингууд хямд өртгөөр дулаалгаа хийх боломжтой болно. Хэрэв амьдарч буй байшин, барилга нь дулаан байвал гал түлэх нь багасч, гал бага түлснээр утаа буурна гэсэн энгийн шийдлийг гаргажээ. Үйлдвэр орж ирснээр тус байшинг өдөртөө 10-20 ширхэгээр нь хэвлэн гаргах боломжтойн дээр нэг барьсан байшингаа өргөтгөх, буулгаад нүүлгэх боломжтой аж. Бид энэ шинэ шийдлийнх нь талаар Э.Соёл-Эрхэмтэй цөөн хором ярилцлаа.
-МИНИЙ ГОЛ ЗОРИЛГО УЛААНБААТАР ХОТЫН УТААГ БУУРУУЛАХАД ГАР БИЕ ОРОЛЦОХ-
-Үнэхээр м.кв нь хоёр өрөө байрны хэмжээтэй мөртлөө 3 сая төгрөгөөр бүтээж, босгох боломжтой байшин бий гэж үү?
-Боломжтой. Бидний хийх гэж буй энэ байшин дэлхий дээр эрт цагт цасан гэрт амьдардаг байсан хүмүүсийн байшинтай байгууламжийн хувьд ижил. Бидний сайн мэддэгээр “Пингвин” хүүхэлдэйн кинон дээр гардаг байшин шүү дээ. Энэ байшингийн байгууламжаас санаа авч лего тоглоом шиг болгоод, Япон улсад зохион бүтээсэн байдаг. Үүнийг л би Монголынхоо хөрсөнд буулгаад, нутагшуулъя гэсэн юм.
huusun baishin-Энэ байшинг ямар материалаар хийх вэ?
-Хөөсөөр хийдэг. Япончуудын нэвтрүүлсэн технологи мөн л адил хөөс юм. Энэ хөөснийхөө үнийг жин болооод бөмбөрцгийн тал радиуст үржүүлэхэд 2.7 орчим сая төгрөг болж байгаа юм. Мэдээж шавар, цонх, хаалга зэргийг нэмснээр 3 сая төгрөгөөр энэ байшин хангалттай босч болно. Техникийн үзүүлэлтийн хувьд маш сайн хөөсөөр хийнэ. Хүмүүс үүнийг галд тэсвэргүй л гэж байна. Гэтэл одоо бүх байр, байшингууд хөөсөөр дуулаалга хийж байна шүү дээ.
-Материалын талаар дэлгэрэнгүй ярилцъя. Манай орон дөрвөн улиралтай, өвөлдөө -50 хэмд хүрч хүйтэрдэг онцлогтой. Ийм хүйтэнд дулаан алдагдлаа барьж чадах болов уу, дулаан байж чадах болов уу гэдэг асуулт урган гарч байна?
-Бид яг л энэ сайн чанарын полиуретан хөөсөн дулаалгуудыг ашиглаж байр, байшингаа дулаалдаг шүү дээ. Хөөсний дулаан хадгалахын чадвар, нягтаршил зэрэгт нь ШУТИС-ийн Физикийн тэнхимийн профессор Л.Хэнмэдэх судалгаа хийж, дүгнэлт гаргасан байгаа. Ер нь миний төслийн гол зорилго яг энэ байшин биш. Миний гол зорилго бол Улаанбаатар хотын утааг бууруулахад гар бие оролцох зорилготой. Хүн яагаад ийм их утаа үйлдвэрлээд байна вэ гэвэл дулаахан л амьдрах гэж шүү дээ. Дулаалга хийгээгүй байшин дулаалга хийсэн байшингаас 8 дахин их дулаанаа алдаж байна. Тэгэхээр галлагаа 8 дахин багасдаггүй юмаа гэхэд 50 хувь нь багасна аа даа. 50 хувийн галлагаа багасвал 50 хувийн утаа багасна гэдэг энгийн логик гарч ирж байгаа юм. Үүнийг л батлаад байгаа юм.
-Хөөсөнцрөөр хийсэн гэхээр газар хөдлөлт болон хүчтэй салхи шуурганы үед аюулгүй юу?
-Нэг байшингийн хөөсний хэмжээ 600 орчим кг байх бөгөөд гадуур шавардлагаа, цонх хаалга нэмэгдээд 1 тонн гаруй жинтэй болно. Энэ жин салхины хүчинд хөдлөхгүй. Мөн газар хөдлөлтөнд маш сайн тэсвэртэй. Гол нь энэ байшингийн хэлбэр бөөрөнхий байх ёстой. Бөөрөнхий гэдэг бол геометрийн хамгийн хатуу, бат бөх дүрс гэдгийг огторгуйн геомтетрийнхэн бүгд мэднэ.
-Байшингийн хананы материалын үе, давхрага нь ямар байх вэ?
-Шавар, хөөсөнцөр, шавар гэсэн үе шаттай байна. Энэ нь хоёр метр тоосгон хана өрсөнтэй адил, 20 см ханаар дулааныг ижил хэмжээнд хадгалах чадвартай л гэсэн үг. Хөөсний зузаан 20 см бол шавардлагааны зузааныг нэмэхэд 23 орчим см болно. Энэ байшинг гурван хүн дөрвөн цагийн дотор л барьж дуусгана. Өндөр нь 3.85 метр байх юм.
huusun baishin
-АШИГ ОЛОХ ГЭСЭН ШУНАЛЫН СЭДЛЭЭ ДАРААД, УТААГАА АРИЛГАХ
ОЛОН УЛСЫН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛЪЯ-
-Хэрвэн бид худалдан авбал дулаанаа хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Хүссэнээрээ шийдэх боломжтой. Би энэ байшинг яагаад зүгээр л гуравхан сая төгрөгөнд өгөх гээд байгаа вэ гэхээр, та 10 сая төгрөгөөр байшин бариад яндан хийдэг бол энэ байшинг худалдан ав. Тэгээд үлдсэн 7 саяараа халаагуураа, 00-оо шийд гэж хэлж байгаа юм. Хэрэв энэ байшиндаа хангалттай битүү орчин үүсгэж чадвал дулаанаа 90 орчим хувь барина. Бизнес эрхлэгчид энэ санааг дэмжиж байна, үйлдвэрийг чинь бариад өгье ч гэж байна. Гэхдээ бэлэн болсон хойно нь 15 сая төгрөгөөр заръя гэсэн санал тавьж байгаа юм. Тэгэхээр л энэ яг зорьсон хүмүүстээ хүрэхгүй, Зайсанд лагерт байдаг ямбатнуудын нэг урц л болчих гээд байгаа юм шүү дээ.
-Та яагаад бизнес эрхлэгчидтэй хамтарч болохгүй гэж?
-Үүнийг би хийдэггүй юмаа гэхэд энэ жил 3-4 компани нэвтрүүлэхээр оруулж ирж байна. Зарим нь над руу утасдаад дургүйцлээ илэрхийлж байна. Энэ бүх ажлыг яг үнэнийг хэлэхэд би ямар ч ашгийн бус байдлаар ард түмэнд зориулан, ард түмний эрх ашгийг дээр тавьж байж хийхийг хүссэн юм. Манай монголчууд яагаад юмны үнийг заавал тэнгэрт хадсан байдлаар ашиглах ёстой юм бэ. Яагаад бид үүнийг дотооддоо үйлдвэрлээд, нэмүү өртөг шингээхгүйгээр, адаглаад энэ олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувиллын асуудлыг шийдэж болдоггүй юм бэ. Үйлдвэр нь ороод ирвэл энэ байшинг бид хаа сайгүй, хүссэн газраа барьж болно. Үүн дээр шуналын сэдэлтэй битгий хандаач ээ л гэж хүсч байна. Энэ ажил эхэлчихвэл 2-3 жилийн дотор энэ утаа багасна, ажлын байр бий болно, амжиргаа дээшилнэ гээд олон эерэг үзүүлэлтүүд бий. Энэ материалыг ашиглан хүлэмж хийлээ гэж бодоход л хичнээн хүн ажлын байртай болох вэ, хичнээн хүн эрүүл хүнс хэрэглэх вэ гээд л яривал их жишээ бий.
-Бизнес болгохоосоо илүүтэй ард түмний эрх ашгийг дээр тавьж байгаа гэлээ. Танд одоо яг ямар бэрхшээл байна вэ?
-Үйлдвэр барих санхүүгийн л асуудал байна. Банк надад зээл өгөхгүй. Учир нь эргэн төлөлт байхгүй. Би энэ байшинг яг орж ирсэн үнээр нь, нэмүү өртөг шингээхгүй ард иргэдэд өгөх гэж байна. Тэгэхээр банкнаас “Чамд ашиггүй юм байна, тэгэхээр чи ашиггүй юм чинь юугаар зээлээ төлөх юм, зээл өгөхгүй” гэчихэж байгаа юм. Гэтэл би банкнаас зээл авах болвол заавал 9-10 сая төгрөгөөр зарж байж л зээлээ эргэн төлөх боломжтой болж, хамрагдана. Энэ бол хоёрдугаар асуудал. Нэгдүгээр асуудал бол энэ үйлдвэр орж ирснээр дулаалгын хөөсөнцөрийг иргэдэд маш хямдхан өгөх боломжтой болно. Иргэд гэр орноо сайн дулаалж байж гал бага түлж, утаа бага гаргана шүү дээ. Энэ үйлдвэр зөвхөн байшингаар зогсохгүй олон талт болж хувирах боломжтой.
-Тухайлбал?
-Арай том барилга бариад гутлын үйлдвэр, оёдлын үйлдвэр, цэцэрлэг, сувилал зэрэгт ашиглаж болно. Энэ байшинг өргөжүүлж, 22 метр хүртэл сунгах боломжтой. Та 200 сая төгрөгөнд л 100-200 хүүхдийг эцэг эхийнх нь хамт хүлээн авах боломжтой сувиллыг Улаанбаатарт барьчихаж болно. 200 мянган хүн 1.000 төгрөг хандивлахад бид төрийн өмчит хүүхдийн сувилал, цэцэрлэг барьчих боломжой. Бид нэгдвэл хүчтэй байдаг шүү дээ. Энэ сувиллын эзэн нь төр ч байж болно, надад хамаагүй, гол нь дутагдалтай байгаа зүйлсийг шуналын сэдэлгүйгээр эхнээс нь шийдэх боломж бий гэдгийг л хэлэх гэсэн юм. Ашиг л олох гэсэн шуналын сэдлээ дараад олон жилийн турш гадны улс орнуудад хэрэглэгдчихсэн энэ технологийг бид яагаад нутагшуулж, асуудлаа шийдэж болохгүй юм бэ.
-БАНКНЫ ЗЭЭЛ АВЧ ҮЙЛДВЭРЭЭ БАРИВАЛ 3 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХНО-
-Түүхий эдээ мэдээж эхний ээлжинд гаднаас авах байх?
-Тийм ээ. Цаашид манай Монголын эрдэмтэд сайн ажиллаж чадвал хөөсийг Монголдоо гаргаад, энэ байшинг 2 сая төгрөгөөр ч гаргачих боломжтой. Гаднаас орж ирж байгаа хөөс 3000 түүнээс бага төгрөгөөр орж ирж байгаа. Монголын хөөсний үйлдвэрүүд үүнийг 5000 буюу түүнээс их төгрөгөөр борлуулдаг. Ингэхээр л хүмүүс байшингаа дулаалж чадахгүйн дээр, нимгэн чанаргүй нягтаршил багатай хөөс сонгож, эрсдэлд орж байна. Шалны дулаан алдалт хананы дулаан алдалтаас 2-3 дахин байдаг ч хүмүүс шалаа дулаалдаггүй.
-Үйлдвэрээ барихад танд хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй байгаа вэ?
-270-300 сая төгрөгийн төсөв хэрэгтэй. Хэрэв 300 сая байвал эхний 40 тонн түүхий эдээ татаж авна. Мэдээж үйлдвэр ороод ирэхэд түүхий эдээ авах мөнгөгүй сууж байж болохгүй шүү дээ.
-Утааг бууруулахаар толгойгоо өвтгөж байгаа эрх баригчдын зорилготой ижил юм. Та хандаж үзэв үү?
-Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд холбогдох байгууллага гэж Нийслэл рүү явуулсан. Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлэхэд нийт 5 үе доошлуулаад уулзуулахаар болсон. Гэтэл миний албан бичгэнд “хүлэмж” гэдэг үг ганц орсон байтал шал өөр Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтэстэй уулзуулахаар болчихож. Гэхдээ хөөцөлдсөөр байгаад Нийслэлийн засаг даргын туслах, Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудлыг хариуцсан орлогч Батбаясгалантай уулзахаар болж байгаа. Нийслэл надад мөнгө гаргаж өгөх боломжгүй гэдгээ хэлээд банкны бага хувийн хүүтэй зээл санал болгож болно гэсэн. Мэдээж энэ зээл нь барьцаа хөрөнгө, эргэн төлөгдөх баталгаа хэрэгтэй арилжааны банкнаас гарна. Тэгэхээр л миний өнөө хэлээд байгаа ард иргэдэд нэмүү өртөг шингээхгүйгээр, 3 сая төгрөгөөр нь л зарах гээд байгаа зорилго зогсчихно.
-Та энэ төслөө хэр удаан хугацаанд судалсан бэ?
-Жил гаруйн хугацаанд судалсан.
-Уучлаарай, дахин асуухад энэ байшин аюулгүй байдал талаасаа хэр баталгаатай байх бол?
-Материалын чанарын асуудал Онцгой байдлын газарт хянагдана. Хөөс бол шатамхай материал мөн. Гэхдээ Монголд ашиглагдаж байгаа энэ хөөснүүд гал дэмждэггүй чанартай. Харин бидний санал болгож байгаа зүйл бол бид байшинг тань маш хямд үнээр барьж өглөө, та хэмнэсэн мөнгөөрөө битгий яндан авч тавиа, шалны халаагуур авч, цахилгааны монтажаа сайн хий гэж л хэлээд байгаа юм. Монгол гэр гэхэд 3-5 минутанд шатдаг шүү дээ. Шатах дээрээ тулвал бүх л материал шатна. Үүнийг хариуцаж байгаа хүний хариуцлага, ахуй амжиргаа чухал. Гарахдаа адаглаад л тог цахилгаанаа шалгаж гардаг, хүчтэй халаагуур залгасан бол түүнийгээ хянаж шалгадаг байх хэрэгтэй.